
Унших хувилбар:
Номын тухай
“Эмнэг хар азарга”-ыг эрэгцээн дунд нь эмээллэж мордуулаад магнайг иь арчсан хадаг үг “Ай” Төмөр-Очир гэхээр мэдэхгүй, сонсож дуулаагүй хүн манай уран зохиол, яруу найргийн ойр тойронд байхгүй. Төмөр-Очир уран зохиолын ертөнцөд хэрхэн хүрэх билээ гэж цаг барж хорхойчлон мацаагүй юм. Өөрийн өсч төрсөн, одоо ч гэсэн ажиллаж, амьдарч яваа хөдөөнөө анхны шүлгүүдээ бичиж, эхний шүлгүүдээрээ алдаршин утга зохиолын их ертөнцөд хэн бүхний мэдэх нэгэн болсон билээ. Баатарлаг тууль, эсвэл хэдэн зуун мянган жилээр тунгаагдсан ардын дуунаас нэрсэн юм шиг найрагчийн цэцэн цэлмэг, орчлон хэмээх ээдий, буудай нийгэм, төрийн андуу, эндүүг хурднаа мэдрээд хурцаар түншсэн, айхтар эвэр үгтэй шүлгүүдийг уншигчид бүр эхнээс нь ихэд тоон хүлээж авсаар ирсэн юм. ... Ай-гийн нутаг нь алт эрдэнийн судал тасардаггүй, ариун өгөөмөр газар. Авьяас ухааны удам таслалгүй найман найрагч (Д.Гомбожав, Д.Нямсүрэн, И.Батсүх, Д.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо, Т.Содномнамжил, Ай.Төмөр-Очир, Б.Төгсжаргал)-ийг төрүүлсэн домог суут Дарьганга билээ. Ээжийн удам дагасан алдартай аман билэгт, цэцэн шударгаараа цууд гарсан орсгой Лувсандаш гэгч байсан бол аавын аав нь 1939, 1945 оны цэрэг, Халхын голын 23 дугаар морьт хорооны нэгдүгээр сумангийн дарга ахмад Гончигийн Санжмятав гэгч зоригт дайчин эр юм гэнэ билээ. Ай маань тийм өвгөдийн үр ач гээд бодохоор цөс ихтэй, зүстэй нэгэн болой. Дорноговьд суудаг зохиолч, хүний их эмч Хандын Цэрэндорж нэгэнтээ, Чойномоос хойш төр засаг, эрхтэн дархтнуудын толгой дээр буцламхай шар тос дусаах адил тийм яруу, хатуу, үнэн үгсийг Ай.Төмөр-Очироос өөр хэн чулуудлаа даа хэмээн “Төрийн жавар үргээсэн Төмөр учиртай найраглал”-ыг уншаад дуун алдсан удаатай. Айлтгүйн хүүг Дарьгангын сургуульд суралцахаар анх ирэхэд яруу найрагч, сэтгүүлч И.Батсүх тосон авсан нь тэр хоёрын ерөөл байлаа. Дорноговийн Анагаах ухааны дунд сургуульд очиход хөдөө нутгийн хамгийн чөмөгтэй гэгддэг өнөөх Х.Цэрэндорж угтан авч шүүсийг нь шахаж шүлгийг нь ногтолсон явдал ч тохиолдол байгаагүй. Үгсийн сүрэг адуулах, үнэний уурга даялах ухаанд Ай зохиолч сүрхий гаршсан учрыг эрж цөхөөд байх ч юмгүй санагдана. Яруу найргийн шинэ ном гарна гэгч уулын орой дээр шинээр овоо нэмж босгох мэт хийморьтой ажил мөн. Тэгвэл Ай.Төмөр-Очирын энэ ном наран дээр найрагчийн босгож буй эхний болоод эцсийнх нь бишээ. Тэр олон овоо босгоно. Авьяас мэргэн дүү минь номын чинь овоо бүхэн дээр ухааны шувуу жиргэж байх болтугай. Ухааны шувуу суусан авьяас онгодын чинь тэр овоон дээр мянга, мянган уншигч сүслэн мөргөж нар зөв тойрно доо. Бүтээлийн тэр овоог тойрсон бүхнийг мөнхийн хийморь ивээж байх болтугай. Дөнгөтийн Цоодол. Монгол Улсын төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Хүн чулууны хонхор. 2006.03.12
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
0+
Хуудасны тоо:
0
ISBN:
Нийтлэгдсэн:
2019-04-19
Зохиолч:
А. Төмөр-очир
Нийтлэгч:
А. Төмөр-очир